2.1. Сумын товч танилцуулга
Халхын түмэнхэн номын эзэн Сайн ноён ханы аймаг 1725 онд 22 хошуу, 8 хутагтын шавьтайгаар байгуулагдаж дараа нь шинээр 2 хошуу шилжиж иржээ. Тус аймаг энэ нэрээрээ нэрлэгдэж байгаад Богд хаант төрийн үе буюу 1911 оноос 1923 оныг хүртэлх хугацаанд Халхын түмэн номы эзэн Сайн ноён ханы аймаг нэртэй байжээ. Тус аймаг 1918 оны байдлаар 30619 өрхтэй, 133,8 мянган хүн амтай, 60,4 мянган тэмээтэй, 307,4 мянган адуутай, 327,0 мянган үхэртэй, 1943,2 мянган хонь, 2638,0 мянган толгой ямаатай аймаг байв. 1923 оноос 1931 оны 03 дугаар сар хүртэл Цэцэрлэг мандал уулын аймаг гэж нэрлэгдэж байв. Өмнөговь, Завхан аймагт зарим хошууг шилжүүлж 1931 онд шинээр Архангай, Өвөрхангай аймгийг байгуулж 1942 онд энэ хоёр аймгаас Баянхонгор аймгийг тасдан байгуулсан түүхтэй.
Сайн ноён ханы хошуу нь Их баруун сум, Бага баруун сум, Гол сум, Зүүн сум, Хондог сум, Их хамжилга, Бага хамжилга гэсэн 5 сум 2 хамжлагаас бүрдэж байсны дээр Хондог сумаас Эрдэнэ мэргэн ноён хутагтын шавийг 1826 онд таслан байгуулжээ.
Дэлхийн олон улсад байдаггүй Засаг Захиргааны тогтолцоо бол хутагтын шавь гэдэг нэгж юм. Энэ хутагтын шавийн иргэд нь албан татвар төлдөггүй, цэрэгт явдаггүй, зөвхөн ноён хутагтад үйлчилдэг журамтай байжээ. Эрдэнэ мэргэн ноён хутагтын шавь нь 1918 оны тооллогоор 124 өрх, 560 хүн амтай байсны 239 нь лам, 45 нь хар хүн (лам биш хөдөөний эрэгтэй хүнийг хар хүн гэж нэрлэдэг байсан), 276 нь эмэгтэйчүүд байжээ.
Сүм хийдийн жас, хутагтын сан, шавийн ардуудын бүх мал 18,666 толгой байсны дотор адуу 2,571, тэмээ 579, үхэр 683, хонь ямаа 14,833 байсан бөгөөд 1 хүнд 33 толгой мал ноогдож байв. Ер нь хошуу сумдаас хутагтын шавь нь хүн ам, мал цөөнтэй байжээ.
Засаг захиргааны зохион байгуулалтанд 1924 онд өөрчлөлт орж хошуу, сумдын нэрийг орон нутгийн уул усны нэрээр нэрлэхээр тогтож Сайн ноён ханы хошууг Хан хөгшин уулын хошуу гэж нэрлэн хошуу даргад Чимиддоржийг сонгон ажиллуулжээ. Тус хошууг 19 сумтай болгож үүний дотор зүүн сумыг гурван сум болгосноос гадна энэ зүүн сумын урд талыг 1924 онд Арц уулын сум (Энэ сумын бүрэлдэхүүнд Эрдэнэ мэргэн ноён хутагтын шавь ордоггүй, биеэ даасан Засаг захиргааны нэгж байжээ) болгон байгуулжээ. Арц уулын сумын анхны даргаар сарлаг хэмээх Түндэвийн Дашзэвэгийг, орлогч даргаар Жанцангийн Сэнгэ (Ловон хэмээх), бичээчээр Дарийн Жанчивыг тус тус сонгон ажиллуулжээ.
Эрдэнэ мэргэн ноён хутагтын шавь 1826 онд байгуулагдсанаас хойш 1925 он хүртэл энэ нэрээрээ нэрлэгдэж байгаад 1925 онд Зүүн богд уулын оройн Ширээгийн нурууны нэрээр Батширээт гэпэг сумыг Гурван сайхан уулын хошууны харъяанд байгуулж даргаар нь Батын Жамбалыг сонгон ажиллуулжээ. 1927 онд Батширээт сумыг Гурвансайхан уулын хошууны харъяалалаас гаргаж Ханхөгшин уулын хошуунд харъяалуулж даргаар нь Жамбалын Шагдарыг сонгон ажиллуулсан байна.
Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Арц уулын сум, Батширээт сумыг нэгтгэж Ховд сум гэж нэрлэн Ховдын голын урд дэнж дээр суурьшуулж сумын даргаар Шатуугийн Лхамцоо гэдэг эмэгтэйг сонгон ажиллуулжээ. Ш.Лхамцоо нь шинэ нийгмийн ажилд онцгой идэвхи гарган ажиллаж орон нутагт төдийгүй төр засагт өндөрөөр үнэлэгдэж байсан сумын дарга нарын нэг байлаа. Ш.Лхамцоо 1958 онд МАХН-ын 13-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож улс орныг хөгжүүлэх чухал шийдвэр гаргахад биечлэн оролцож явжээ.
Ховд сум нь 1940 онд хоёр сум болж Зүүн богд сум нь Бага богд уулын өвөр Цагаан толгой гэдэг газар, Ховд сум нь Баяндөхөмд тус тус төвлөрөн ажиллаж байгаад 1957 оны газар хөдлөлтөөр Зүүн богд сумын бүх барилга нурж үгүй болсоны дараа 1962 онд хоёр сумыг дахин нэгтгэн Богд сум гэж нэрлэж Ховд голын хойд дэнж дээр суурьшсанаар өнөөг хүрчээ.
Богд сумынхан боржигон, бэйсийнхэн, жарангийнхан, монгол, тайж, торгууд, харчуу, хиад, хиргэс, хожууд, шуухтайхан, ямаат гэсэн үндсэн 12 овгоос гаралтай. Энэ үндсэн 12 овгоос салаалсан овгуудынхан одоогийн Богд суманд амьдарч байна.
Богд сумын түүх, үүсэл хөгжил бол хүмүүний нүүдэллэн суурьшсан болон хүн хэмээх амьтан зэрлэг амьтантай хэрхэн зэрэгцэж оршин гаршуулан сургаж ирсэн, хэрхэн 4 дугуй бүхий оньсон техникийг бүтээн туурвиж дэлхийн түүхнээ нээлт хийсэнтэй шууд холбоотой гэрчлэх бодит гэрчтэй түүх юм. Энэхүү түүхийн эзэн болж төрсөн эрхэмсэг Богдчууд сумыг үүсгэн байлсаны 90 жилийн ойтойгоо золгож өнгөрсөн, одоо, ирээдүйгээ харьцуулан дүгнэж 21-р зууны оюуны их нүүдлийн үед ирсэн байна.